/ Эрүүгийн мөрдөгч Ц.Ариунбат: Нууц далд аргаар үйлдэгдсэн 31 хэрэг илрүүлсэн

Эрүүгийн мөрдөгч Ц.Ариунбат: Нууц далд аргаар үйлдэгдсэн 31 хэрэг илрүүлсэн

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч Ц.Ариунбаттай уулзаж, ажлын онцлог, амжилт ололт, цаашдын зорилтын талаар цөөн хором ярилцлаа.   

 

-Та юуны өмнө өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Намайг Цэнд-Аюушийн Ариунбат гэдэг. 1986 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. Бага насандаа Ховд аймгийн Мөнххайрхан суманд амьдарч, тус сумын  сургууль төгссөн. Ингээд цагдаагийн албатай амьдралаа холбож эхэлсэн.

Одоо эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Өөрийн сонирхлоор дуулах дуртай, багын хэдэн найзуудтайгаа нэгдэж хамтлаг байгуулж, дуулж явлаа. Одоо ч гэсэн сонирхлоо орхиогүй. 

-Цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ?, Ажлын анхны гараа ямар байв?

-Би 2004 онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд өөрийн хүсэл сонирхлоо дагаж Цагдаагийн академийн Анхан шатны дамжаанд элсэн суралцаж, 2005 онд төгссөн. Улмаар Ховд аймгийн Мөст сумын хэсгийн цагдаагаар дэд ахлагч цолтой очиж байлаа.

10 жилийн сургуулийн сурагчийн ширээнээс цагдаагийн ажилтан болох, тэр тусмаа хэсгийн цагдаа болж суманд ажиллах гэдэг надад хэцүү бөгөөд хариуцлагатай үүрэг байсан. Тухайн үед цагдаагийн алба ямар байдаг, хэрхэн яаж ажиллах, юу сурч мэдэх ёстойг минь зааж өгсөн цагдаагийн бэлтгэл хошууч /тухайн үед ахлах дэслэгч/ А.Тойлбай хэсгийн төлөөлөгчид одоо ч баярлаж, талархаж явдаг гэдгээ хэлмээр байна.

Би “Эзэн хичээвэл, заяа хичээнэ” гэдэг үгийг өөрийн амьдралынхаа гол зарчим болгож явдаг. Ер нь миний гаргасан амжилт, ололт бол ар гэр, хамт олон гэсэн маш том хоёр зүйлээс хамаардаг. Харин өөрийн хичээл зүтгэл бусад хувийг нь эзлэх байх аа.

Миний хувьд 2005-2010 онд цагдаагаар ажиллаж байгаад 2010-2014 онд Дотоод хэргийн Их сургууль /тухайн үед Хууль сахиулахын их сургууль/-д элсэн олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн түрүүч цолтой суралцсан. Тус сургуулийг амжилттай төгсөөд Ховд аймаг дахь Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар томилогдон ажиллаж байгаад хувийн шалтгаанаар, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар дахин цагдаагийн байгууллагад 2018 оны 12 дугаар сард орж, одоо хүртэл ажиллаж байна.

-Өнгөрсөн 2020 оны ажлын амжилт ололтоосоо хуваалцана уу? Таныг байгууллагынхаа Хөдөлмөрийн аварга болсон гэж сонссон?

-Би 2020 оны эхнээс энэ жил “хөдөлмөрийн аварга болно” гэсэн зорилго өөртөө тавьж зүтгэсэн. Тэгээд ч зорьсондоо хүрч Хөдөлмөрийн аварга боллоо. Хүн ажилдаа амжилт гаргахад хамт олны тус, эв нэгдэл, ар гэрийн сэтгэлийн дэм болон бидний ажлыг ойлгох явдал чухал гэж боддог.

Өнгөрсөн 2020 онд Хэрэг бүртгэлийн 85 хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Үүнээс цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 19, яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй 12, нийт нууц далд аргаар үйлдэгдсэн 31 хэрэг илрүүллээ.

Улмаар хэрэг бүртгэлийн шатанд шалгагдаж байсан 30 хэргийг хуулийн хүрээнд хааж, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдээр “Асап сан”-д зарлагдсан 23 этгээдийг олж тогтоосон. Гэмт хэргийн улмаас иргэдэд учирсан 165 сая төгрөгийн хохирлоос 110 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн. Ийнхүү гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдийг олж тогтооно гэдэг бол маш их хөдөлмөр, цаг хугацаа шаарддаг ажил байдаг. Учир нь гэмт хэрэгт сэрдэгдсэн нэг этгээдийн цаана хэдэн төрлийн хэчнээн гэмт хэрэг байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Тиймээс миний ажил, хичээл зүтгэлийг үнэлж, Цагдаагийн газрын Хөдөлмөрийн аварга гэх хүндтэй шагнал олгосон удирдах ажилтнууд, хамт олондоо баярлаж байна.     

-Аливаа ажил хамт олны эв нэгдэл, тэгш оролцоонд тулгуурладаг. Та хамт олныхоо тухай уншигчдад танилцуулахгүй юу?

-Миний нэг том бахархал бол хамт олон юм. Хамт олон дотроо чи хэн байх вэ гэдэг нь өөрөөс чинь шалтгаалдаг. Харин хамт олон чамайг хэн вэ гэдгийг байгаа байдлаар чинь хэлэхгүй ч гэсэн харуулдаг. Тиймээс хамт олон бол маш том хүч юм. Миний гаргасан амжилт бол хамт олны хүч хөдөлмөр, эв нэгдлийн илэрхийлэл.

Би бол Монгол цагдаагийн “зүрх” болсон Эрүүгийн цагдаагийн албанд ажиллаж байна. Манай тасаг нь даргаасаа эхлээд бүгд бие биенээ гэх сэтгэлтэй, шилдэг залуу үеийнхнээр бүрдсэн. Миний хувьд манай тасгийнхан бол хамгийн том дэмжлэг, хүндлэл, шагнал гэж хэлмээр байна.

-Та ажил мэргэжлийнхээ туршлагаасаа хуваалцана уу?

-Цагдаагийн байгууллагын ажил гэдэг бол залуусын тэвчээр, сэтгэлгээ, хувийн зохион байгуулалтыг шалгасан ажил юм. Тэр дундаа эрүүгийн цагдаагийн ажил нь цагдаагийн бусад тасаг, албаны ажлаас ялгарах онцлогтой. Туршлага гэхээр өнгөрүүлсэн амьдрал, ажил минь л миний туршлага болж байна даа. Тухайлбал, би эргүүлийн, хэсгийн, жижүүрийн цагдаа, эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, мөрдөн байцаагч гэх мэт алба хашиж байсан. Тиймээс одоо энэ ажлыг хийж байгаа бусад хүмүүсийн ажлыг ойлгох, мэдэх, хүндэтгэх байдлаар үргэлж дэмжлэг болдог.

-Тэгэхээр Эрүүгийн цагдаагийн тасаг нь бусад тасгуудаас чиг үүргээрээ хэрхэн ялгарч байна вэ? Давуу талаас гадна бэрхшээлтэй зүйл байдаг биз дээ?

-Эрүүгийн цагдаагийн тасаг бол бусад тасгаас чиг үүргийн хувьд өөр байдаг. Энэ утгаараа ажил ачааллын хувьд бас л өөр юм. Өөрөөр хэлбэл, олон төрлийн зүйлийг нэгэн зэрэг амжуулдаг гэж хэлж болох байх аа. Бэрхшээлтэй тал бий, гэхдээ энэ хэцүү, цаг завгүй гээд байвал хэн уг ажлыг хийх вэ гэж бодож би ажилладаг. Мөн миний хамт олон ч ийм бодолтой ажилладаг гэж би боддог.

2004 онд Цагдаагийн академийн Анхан шатны дамжаанд суралцаж байхад нэг дарга “Цагдаагийн байгууллагад хүссэн бүхэн ордоггүй, орсон бүхэн төгсдөггүй, төгссөн бүхэн ажиллаж чаддаггүй” гэж хэлж байсан. Энэ үгнээс цагдаагийн ажлыг ойлгож болох юм. Гэхдээ ер нь цагдаагийн ажлын эцсийн золиос нь бидний эрүүл мэнд, гэр бүл юм шиг санагддаг. Энэ нь жаахан хатуухан хэлсэн үг шүү. Яагаад гэвэл, цаг завгүй ажиллуулаад байгаа зүйл байхгүй. Монголын цагдаагийн алба хаагчид өөрсдөө гэр бүл, эрүүл мэнддээ цаг зав гаргахгүйгээр ажилдаа сэтгэлтэй зүтгэдэгт л байгаа юм.

-Өнгөрсөн онд Эрүүгийн цагдаагийн тасгаас санаачлан хэрэгжүүлсэн онцлог ажлыг танилцуулахгүй юу?

-Манай тасаг хамт олон бол Цагдаагийн газраас зохион явуулж байгаа бүхий л ажил, арга хэмжээнд идэвхтэй оролцдог. 2020 онд тус тасгаас санаачлан зохион байгуулсан ажил нэлээд байгаа. Тухайлбал, “Илрүүлэлт, шийдвэрлэлт-2020” нэгдсэн арга хэмжээг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Прокурорын газартай хамтран дөрвөн сарын хугацаанд зохион байгуулсан.

Аймгийн хэмжээнд 86 гэмт хэргийг илрүүлж, шийдвэрлэн, гэмт хэрэгт сэрдэгдсэн 20 этгээдийг олж тогтоох замаар тус арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулсан. Уг арга хэмжээнд миний бие тэргүүлж “Шилдэг мөрдөгч” цом болон мөнгөн шагналаар шагнуулж, гэр бүлийн хамт Монгол орны үзэсгэлэнт газраар аялаад ирсэн.

-Өөрийнхөө гэр бүлийн талаар дэлгэрэнгүй танилцуулбал?

-Манайх ам бүл 5. Миний гэргий Ц.Саранзаяа Увс аймгийн Сагил сумын харьяат, багш мэргэжилтэй. Миний охин А.Намуунзул Цаст-Алтай цогцолбор сургуулийн 7 дугаар ангид суралцдаг. Хүү А.Бархаспүрэв Лаборатори нэгдүгээр сургуулийн 5 дугаар ангид суралцаж байна. Харин бага охин минь гэртээ аав, ээж, ах, эгчийн халамжид өсөж, торниж буй.

-Таны цаашдын зорилго, зорилт юу вэ?

-Цаашид хамт олныхоо итгэл, сэтгэлийг дааж, өөрийгөө хөгжүүлнэ. Өмнө гаргасан амжилтаа ахиулж ажиллах зорилт тавин ажиллаж байна. Бавуугийн Лхагвасүрэн “Шаргуу хэр нь чимээгүй хөдөлмөрлө. Хийсэн ажил чинь чиний өмнөөс ярих болно” гэж хэлсэн байдаг.  Энэ үгийг бодож ажиллаж явдаг даа.

 

-Ярилцсан баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.  

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна