/ Мэдээ мэдээлэл / ЦАГДААГИЙН ГАЗРААС СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ИРГЭДЭЭС ЦАХИМААР САНАЛ АСУУЛГА АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ЦАГДААГИЙН ГАЗРААС СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ИРГЭДЭЭС ЦАХИМААР САНАЛ АСУУЛГА АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Батбуянтай ярилцлаа.  

Ховд аймгийн хэмжээнд 2020 оны эхний 1 дүгээр улирлын байдлаар хэдэн хүн зөрчил гаргаж эрүүлжүүлэгдсэн бэ? Мөн баривчлах байранд хэдэн хүн баривчлагдсан бэ?

2020 оны 1 дүгээр улирлын байдлаар 467 хүн согтуугаар зөрчил гарган эрүүлжүүлэгдсэн байна. Эрүүлжүүлэгдсэн хүнээс эмэгтэй 10, эрэгтэй 457 хүн байна. Шүүхээр 7-30 хоногийн хугацаагаар баривчлагдсан 89 иргэн байна.

-Аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд ямар ажил арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна вэ?

Аймгийн Засаг даргын архи, согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй байх захирамжийн хүрээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдэд байнгын хяналт тавьж, өдөр, оройн эргүүлээр болон хүч нэмэгдүүлсэн байдлаар нийт алба хаагчдыг эргүүлд татан ажиллуулж, Жаргалант сумын төрийн байгууллагуудыг олон нийтийн эргүүлээр ажиллуулж байна. Мөн Жаргалант сумын хэмжээнд “Захирамж” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулах, зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн архи, согтууруулах ундааг лацдах, иргэдээс захирамж зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн талаар ирүүлсэн мэдээллийг шалгаж, зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна. Одоогоор нийт 8 аж ахуйн нэгжид хариуцлага тооцоод байна.

- Иргэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?

Орон нутгийн хэмжээнд гарсан шийдвэр тогтоолыг биелүүлэх, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж холбогдох мэдээ, мэдээллийг бидэнд ирүүлэх, иргэн хүний хувьд хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх хэрэгтэй байна. Хамгийн гол нь энэ цар тахалын үед ашиг хонжоо хайхаас илүүтэй аюулгүй байдлаа хангах нь чухал байна.

- Цагдаагийн газраас ахуйн хүрээний архидалтыг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээг зохион байгуулж байна вэ?

Ахуйн хүрээний архидалтыг бууруулах чиглэлээр гэр хорооллоор болон ахуйн хүрээний архидалт ихээр бүртгэгдсэн багийн нутаг дэвсгэрт хүч нэмэгдүүлсэн болон олон нийтийн эргүүл ажиллуулж байна. Ахуйн хүрээний архидалттай тэмцэхээс гадна орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан иргэдэд ухуулга, суталчилгааг тогтмол хүргэж, олон нийтийн газарт хүн олноор цугларахгүй байх талаар яриа таниулга хийж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хөдөлгөөнт эргүүлийн автомашины чанга яригч ашиглан иргэдэд тогтмол хүргэж байна.

Цагдаагийн газрын цахим хаягаар дамжуулан архидалттай тэмцэх, архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон өдрийг сард 4 удаа болгох талаар иргэдээс цахим санал, асуулга авч байна. Иймд иргэд та бүхэн энэ санал, асуулгад идэвхитэй оролцож, бидний ажлыг дэмжиж өгнө гэдэгт итгэлтэй байна.

Ярилцсан танд  баярлалаа.

Ярилцсан: Б.Болормаа

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна